"Энержи Монголиа-2014" олон улсын чуулга уулзалтад Тавантолгой цахилгаан станц төслийн нэгжийн захирал М.Энхсайханы танилцуулсан илтгэлийг танилцуулж байна.
 
Эрчим хүчний салбар дахь хувийн хөрөнгө оруулалт ба Засгийн газрын үүрэг роль
                                    
Ийм нэгэн сэдвээр Та бүгдтэй санал бодлоо солилцохоор энэ удаагийн уулзалтанд бяцхан презентаци бэлтгэсэн юм. Сэдэв өөрөө онцгой чухал ач холбогдолтой. Учир нь Монгол Улсын Эрчим хүчний салбарын ирээдүйн өнгө төрхийг хувийн хөрөнгө оруулалтгүйгээр төсөөлөх бололцоогүй юм. 
 
1900-аад онд анхны цахилгаан станцууд 15 хувийн ашигт үйлийн үзүүлэлттэй 1-10 мегаватт чадалтай байж. Усаар ажилладаг байснаа нүүрсээр, дараа нь хийгээр, цөмийн энергиэр ажилладаг том том чадлын цахилгаан станцууд бий болсон түүх бол 20 дугаар зууны түүх юм. Хамгийн анх гудамжны гэрэлтүүлэгийн зориулалтаар цахилгааныг үйлдвэрлэж байсан бол өнөөдөр цахилгаан эрчим хүч хүн бүрийн амьдралын өдөр тутмын хэрэгцээ болсон түүх бол 20 дугаар зууны түүх юм. 
 
20 дугаар зуунд цахилгаан станцуудыг төр барьдаг байж. Дэлхийн эдийн засгийн тэлэлт, глобальчлал эрчимтэй явагдаж эдийн засгийн өсөлт, хүн амын хэрэгцээг хангахын тулд олон ч цахилгаан станцуудыг барьж байгуулсан байдаг. Тиймээс ихэнх цахилгаан станцууд төрийн өмчийн мэдэлд явж ирсэн байна. 
 
Харин 1990-ээд оноос эрчим хүчний салбарт хувийн хөрөнгө оруулах асуудал дэлхийн хэмжээний үзэгдэл болж эхэлжээ. Дэлхийд 20-25 жилийн өмнөөс болж байсан одоо ч үргэлжилж байгаа энэхүү үзэгдэл өнөөдөр Монголд “хаалга тогшиж” байна гэж хэлж болно. 
 
Яагаад хувийн хөрөнгө оруулалт хэрэгтэй вэ, бид юу анхаарах ёстой вэ, төрийн үүрэг ролийг хэрхэн ойлгох вэ гэдэг асуудлаар ярихын тулд манайд эрчим хүчний салбарын байдал ямар байгаа вэ гэдгээс асуудлыг эхлэх нь зүйтэй юм. 
 
20 дугаар зуун бол орчин цагийн Монголын эрчим хүчний салбар бий болсон он цаг үе юм. Бидэнд хуучин Зөвлөлт Холбоот Улс олон цахилгаан станц, дэд станц, дамжуулах болон түгээх шугамуудыг барьж, мэргэжилтэй боловсон хүчин, инженерүүдийг бэлтгэж өгсөн. Бүгд л улсын өмч байсан. Өнөөдөр үндсэндээ бүгд л төрийн өмчийн мэдэлд байгаа. 
 
Цахилгаан станцуудын насжилт үндсэндээ дууссан. Хамгийн залуу ДЦС4 станц саяхан 30 жилийн ойгоо тэмдэглэсэн. ДЦС3 45, ДЦС2 52 жилийн настай. Техник, технологийн талаасаа хэрээс хэтэрсэн гэж хэлж болохоор. Өнөөдрийг хүртэл бидний өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангаад ажиллаад байгаа “нууц” нь хуучин Зөвлөлт Орост бэлтгэсэн манай сайн инженер, техникийн ажилтнуудын чадал чансаанд байгаа гэж бодож байна. 2030 он гэхэд инженерүүд маань байгалийн хорогдлоор явчихна. Тоног төхөөрөмжүүд ч гэсэн “металлын ядаргаа”-нд орж эвдрэх болно. Байгалийн болон физикийн хуулийг хэн ч өөрчилж чадахгүй.
  
Дээр нь суурилагдсан хүчин чадал оргилдоо хүрсэн, импортоос бид улам бүр хараат болсоор байгаа. Нэг үгээр хэлбэл эрчим хүчний салбарт Түгшүүрийн харанга дэлдэхээр болсон санагдаж байгаа юм. Өнөөдөр л өөрчилж эхлэхгүй бол биднийг цаг хугацаа хүлээхгүй болсон байна.
 
Эрчим хүчний салбарт 2030 он гэхэд наад зах нь 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хэрэгтэй байгаа. Энэ хөрөнгийг төр гаргах уу, хувийн хэвшлийнхэн гаргах уу гэдэг асуулт бий. Төр эрүүл мэнд, боловсрол, тэтгэвэр, тэтгэмж гээд нийгмийн асуудлаа шийдэх, зам, дэд бүтцийн өөр асуудлуудад хөрөнгө гаргах шаардлагатай. Яаж ч бодсон эрчим хүчний салбарт төр дангаараа хөрөнгө мөнгө гаргах бололцоогүй. Тэрч байтугай хөрөнгө оруулалтын үлэмж хэсэг хувийн байхаас өөр аргагүй байгаа. Энэ нөхцөлд бид юу анхаарах ёстой вэ гэдэг асуудал байгаа юм. 
 
Юуны өмнө ямар судалгаа материал дээр түшиж саналаа бэлтгэснийг хэлэх нь зүйтэй. Олон Улсын Эрчим Хүчний Агентлагаас бэлтгэсэн “Tackling Investment Challenges in Power Generation” судалгаанаас ерөнхийдөө эрчим хүчний салбарт өрсөлдөөн хэрхэн бий болгох, үүний тулд бие даасан зохицуулах болон системийн операторуудыг яаж бий болгох, ил тод зах зээлийн дэг журманд хэрхэн шилжих, Засгийн газар юу хийх ёстой зэргийг ерөнхийдөө ойлгож болно. Удаах материал нь “Private Investment in Power Sector in Developing Countries: Lessons from Reforms in Asian and Latin American Countries” нэртэй судалгаа. Энэ нь бидний практик үйл ажиллагаанд илүү ойр санагдсан. Дээрх материалуудыг бүгд л үзэж харах хэрэгтэй гэж зөвлөж байна.
 
Яавал буруу цагт, буруу газарт, буруу технологи сонгож, буруу хөрөнгө оруулалтыг татахгүй байх вэ гэдгийг ойлгохын тулд уг материалуудыг үзэх хэрэгтэй. 
 
Эрчим хүчний салбарт хувийн хөрөнгө оруулалтыг татахад юу анхаарах ёстой вэ гэдэг талаар  хэлье.
 
1. Зөв бодлого Зөв зохион байгуулалт
 
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт татах гол түлхүүр асуудал бол зөв бодлого, түүнийг хэрэгжүүлж чадах зөв зохион байгуулалт юм. Энд Засгийн газрын зүгээс санхүүгийн ямарваа нэг баталгаа гаргах боловуу гэж бодох хэрэггүй. Гэхдээ том төслүүд Төрийн бүх талын дэмжлэггүйгээр бүтэхгүй. Тэр дэмжлэг нь заавал санхүүгийн баталгаа байх албагүй. Монгол улсын зээлжих зэрэглэл тийм баталгаа гаргахад хангалтгүй.
 
2. Хялбархан олдох хөрөнгө оруулалт байхгүй 
 
1970-аад оны нефтийн хямралын үед дэлхийн олон оронд нүүрсээр ажилладаг олон цахилгаан станц баригдсан байдаг. Тэр олон станцуудын насжилт үндсэндээ дуусч байгаа. Судалгаагаар хөгжингүй оронд байгаа нийт цахилгаан станцуудын 30 хувь нь 30 жилийн настай. Иймээс эрчим хүчний салбарт өрсөлдөөн хүчтэй болсон. Дээр нь тавигдах шаардлага өндөр болсон. 
 
Дэлхийн дулааралтай холбоотойгоор АНУ нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудыг санхүүжүүлэхгүй байх талаар идэвхтэй ажиллаж байгаа. 
 
Энэ нөхцөлд шинэ цахилгаан станцын төслүүдэд хөрөнгө оруулалт олох гэдэг нэлээд нягт нямбай ажиллагаа шаардсан ажил байх болно. 
 
3. Эрчим хүчний үйлдвэрлэлд хийх хөрөнгө оруулалт өндөр эрсдэлтэй
 
Энэ нь эрчим хүчний үйлдвэрлэлийн онцлогтой холбоотой юм. Цахилгаан станц цахилгаан үйлдвэрлэсэн л бол түүнийг тэр даруйд нь хэрэглэсэн байх ёстой. Хадгалах, нөөцлөх бололцоогүй. Уул уурхайн үйлдвэр бүтээгдэхүүнээ нөөцөлж болно. Үнэ тааламжтай бол урдчилаад худалдсан ч болдог. Цахилгаан станцад тийм бололцоо байхгүй. 
 
Цахилгаан станц зөвхөн найдвартай ажиллах ёстой байдаг. Эрчим хүчний үйлдвэрлэлийн аливаа доголдол дутагдал шууд  санхүү, эдийн засгийн том хохирол болдог. Иймээс Цахилгаан станц зөвхөн найдвартай байхаас гадна найдвартай хэрэглэгчтэй байх ёстой болно. Ялангуяа эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбогдож чадаагүй үйлдвэрлэгчийн хувьд энэ онцгой анхаарах асуудал болдог.
 
Уул уурхайн үйлдвэрлэлд түүхий эдийн зах зээлийн үнэ нөлөө үзүүлдэг бол цахилгаан эрчим хүч дээр дэлхийн зах зээлийн үнэ гэж байхгүй. Цахилгааны Үнэ тухайн орны Засгийн газрын болон улс төрийн нөлөөлөлд байдаг тул хөрөнгө оруулалт Засгийн газрын тогтвортой бодлогоос шууд хамааралтай. Хөрөнгө оруулагчийн нүдээр бол энэ нь илүү эрсдэлтэй харагдана.
 
4. Үр ашгийг онцгой анхаарах хэрэгтэй 
 
Үр ашиг гэдэг үзүүлэлтийн ард байгаль хамгаалах асуудал, цахилгаан станцын ашигт ажиллагааны түвшин байдаг. Зөвхөн ТТЦС төсөл дээр нэг хувийн үр ашиг гэдэг нь 40 мянган тонн нүүрс хэмнэх тухай юм. Урд хөрш Хятад орон цахилгаан станцуудынхаа үр ашгийг бүхэлд нь нэг хувиар өсгөхөд тэнд 20 сая тонн нүүрс хэмнэгдэнэ гэсэн тооцоо судалгаа байдаг.
 
Үр ашиг технологи сонголттой холбоотой. Эрчим хүчний үйлдвэрлэлд үндсэндээ Subcritical, Supercritical, Ultrasupercritical гэсэн технологийн эрэмбэ байгаа. Дэлхийн улс орнууд Supercrical технологийг зорилгоо болгож байгаа. Ийм технологи сонгосон цахилгаан станцын төсөлд санхүү босгоход арай дөхөм байдаг. 
 
Манайх хэрхэн Supercrical технологи руу шилжих вэ гэдэг талаар бодох ёстой юм. Бодит бэрхшээл байгаа. Гэвч давж болдоггүй бэрхшээл байхгүй. Гол нь бодлогын том өөрчлөлт хэрэгтэй болох байхаа.
 
5. Концесс тийм ч үр дүнтэй биш
 
Эрчим хүчний салбарт орж байгаа хувийн хөрөнгө оруулалтыг менежментийн гэрээ, хувьчлал, концесс, шинэ төсөл гэсэн 4 хэлбэрт хувааж авч үзэж болно.
 
Анхаарал татаж байгаа асуудал бол Концесс гэж бодож байна. Монголд  ийм хэлбэрээр ажиллахаар зөвшөөрөл авсан нэлээд эрчим хүчний төслүүд байгаа. Концесс эрчим хүчний салбарт хийж байгаа нийт хувийн хөрөнгө оруулалтад тун бага хувь эзэлдэг. Учир нь концессоор явж байгаа төслүүдийн 75 хувь нь хөрөнгө мөнгөө босгож чадахгүй унадаг байна. Шалтгаан нь Засгийн газар нь хамаг эрсдлээ хөрөнгө оруулагчид үүрүүлдэг. Дээр нь концесс хугацаанд хавчигддаг. Энэ нь ийм хэлбэрийн хөрөнгө оруулалтын өгөөжийг өрсөлдөх чадваргүй болгодог талтай. Концесс өөрөө санхүүгийн баталгаа биш гэдгийг ойлгох хэрэгтэй байгаа юм.

6. IPP зах зээл-Зорилго 

20 дугаар зуунд Цахилгаан станц ихээхэн улс төржсөн бизнес байсан. Тийм ч учраас өмчлөлийн хувьд дийлэнхдээ төрийн өмчийн хэлбэрээр явж ирсэн байдаг. 1990-ээд оноос хувийн хөрөнгө оруулалтыг энэ салбарт татахын тулд дэлхий дээр IPP market бүрэлдсэн байгаа. Гэхдээ энэ зах зээл өөрийн гэсэн зовлон бэрхшээл дундуур туулсан байх бөгөөд энэ сургамжийг ойлгохгүйгээр зах зээл дээр бид гарах бололцоогүй.
 
Гол сургамж бол хувийн хөрөнгө оруулалтыг эрчим хүчний салбарт татахын тулд зөвхөн Эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ дангаараа хангалттай биш. Төр хувийн хэвшлийн түншлэл энэ салбарт онцгой чухал. Зарим нөхцөлд хувийн хэвшил төрийн түншлэл гэж ойлговол зүйтэй санагдаж байгаа. 
 
IPP market дээр амжилттай ажиллаж байгаа Ази, Европ, Латин Америкийн олон орон бий. Түүний жишээнд Тайланд, Индонез, Малайз, Вьетнам гээд олон орныг нэрлэж болно. 
 
IPP market-ийг бүрэн зөв ойлгохын тулд "Project Finance" гэсэн бие даасан ухагдахууныг зөв ойлгох шаардлагатай. IPP market Монголын эрчим хүчний салбарт гадаадын хувийн хөрөнгө оруулалтыг татах гол хэлбэр, манай зорилго гэж томьёлох хэрэгтэй санагдаж байна. 
 
7. Corporate Finance vs Project Finance
 
Монголд цахилгаан станцуудыг барихад хэрэглэгдсэн санхүүгийн моделиудыг харьцуулж үзүүлэх хэлбэрээр Project Finance-ийг ойлгож болно.
 
Project Finance-ийн давуу тал нь хөрөнгө оруулагчийн хувьд өөрийнхөө бизнесийг, Засгийн газар нь төсвөө банк, санхүүгийн байгууллагад барьцаалдаггүй явдал юм. 
 
8. Өндөр эрсдэл Өндөр өгөөж
 
Хөрөнгө оруулагчийн хувьд эрчим хүчний салбарт хөрөнгө оруулсан нь зөв үү, өөр бизнест хөрөнгөө хийсэн дээр үү гэдэг асуудал байгаа. Дээр дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулна гэдэг том эрсдэлтэй байдаг гэж дурдсан билээ. Эцсийн дүндээ хөрөнгө оруулагчийн хөрөнгө оруулалтын өгөөж чухал.
 
Эрчим хүчний салбарт хөрөнгөө оруулахын тулд хөрөнгө оруулагчид ямар өгөөж хүлээж байдаг тухай мэдээлэл бас чухал. Хөрөнгө оруулалтын өгөөж хоёр оронтой тоогоор илэрхийлэгддэг.
 
Энэ бол хөрөнгө оруулалтын өгөөж хангалттай өндөр байж хэмээн хөрөнгө оруулагч шийдвэрээ гаргадаг болохыг ойлгоход тустай гэж бодож байна. 
 
9. Хөрөнгө оруулалтад нөлөөлөх хүчин зүйлс
 
Эрчим хүчний салбарт хийх хөрөнгө оруулалтад макро эдийн засгийн үзүүлэлт, тухайн орны эдийн засгийн потенциал, ирээдүйн дүр зураг чухал нөлөөтэй.
 
Мөн салбарын бодлого зохицуулалт, ирээдүйн чиг хандлага хөрөнгө оруулагчдын анхааралд байдаг асуудал юм. 
 
IPP market дээр ажиллах нөхцөлд Эрчим хүч худалдах, худалдан авах гэрээнээс гадна нүүрс, ус нийлүүлэх болон тусгай зөвшөөрөл, газрын асуудлууд зэрэг олон асуудлыг төслийн эрх ашгийн үүднээс шийдвэрлэх шаардлагатай байдаг.
 
10. Хөрөнгө оруулалт ба салбарын сегментүүд
 
Эрчим хүчний салбарт хувийн хэвшлийг оролцуулах арга ажиллагаа улс оронд ижилгүй явж ирсэн байдаг. Дамжуулах болон түгээх шугамаа хувьчлаагүй, тэдний санхүүгийн байдлыг бэхжүүүлээгүй явснаас цахилгаан станцад оруулах хөрөнгө оруулалт дээр алдаа гаргасан улсууд бий. Түүнтэй нэгэн адил сүлжээндээ илүү анхаарал хандуулаад эрчим хүчний үйлдвэрлэлд хөрөнгө татах явдлаа орхигдуулсан улс орнууд ч байдаг.
 
Хөрөнгө оруулалт эрчим хүчний салбарын сегмент бүрийг сайн бодлогоор уялдуулж ажиллахаас ихээхэн хамаарна. Энэ бол салбарын бодлого зөв байх, хэрэгжүүлэх байгууллагын тогтолцоо зөв байх, нэгдмэл бодлоготой байх тухай асуудал юм. 
 
11. SPV (Special Purpose Vehicle) буюу  ТӨСЛИЙН НЭГЖ
 
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт татах талаар бидний монголчуудын хуримтлуулсан туршлага бага. 
 
Project Finance –ийн нэг онцлог бол SPV (Special Purpose Vehicle) буюу  ТӨСЛИЙН НЭГЖ байгуулах явдал юм. Төслийн нэгж нь асуудлыг төвлөрүүлж хариуцлагатай боловсруулах, хөрөнгө оруулагч болон Засгийн газрын эрх ашгийн тэнцвэрийг хангах, улмаар хөрөнгө оруулагчийг татан оруулах гүүр юм. 
 
12. Салбарын ROADMAP 
 
Эрчим хүчний салбарын хөгжлийн ирээдүйн чиг хандлага хөрөнгө оруулалтыг татахад том нөлөөтэй. Хөрөнгө оруулалт удаан хугацааных байдаг тул салбарын ирээдүйг хөрөнгө оруулагчид заавал сонирхдог.
 
13. IPP хэрэгжүүлэх  нөхцөл бололцоог бий болгосон эрх зүйн зохицуулалт
 
IPP хэрэгжүүлэх  нөхцөл бололцоог бий болгосон эрх зүйн зохицуулалтыг бий болгох талаар ажиллах хэрэгтэй байна. Эрчим хүчний үнэ, тариф, салбарын санхүүгийн ерөнхий дүр зураг хөрөнгө оруулалт татахад тааламжтай байх хэрэгтэй. Тааламжтай гэдэг нь салбарыг зах зээлийн зарчимд оруулах л гэсэн үг. Татаастай салбарт гадны хөрөнгө оруулалт орж чадахгүй.
 
Иймээс эрчим хүчний үнийг “суурь үнэ” хэмээн андуурдагаа болих хэрэгтэй. Эрчим хүчний салбарын хүндрэл бэрхшээлийг олон нийтэд ойлгуулахын тулд цахилгааны үнийг “суурь” гэж ярьдаг байсны сөрөг үр дагавар одоо улам их болж байна. 
 
Цахилгааны үнэ зардлаа нөхдөг, ашигтай байх зарчмыг хатуу баримтлах хэрэгтэй. Эс бөгөөс эрчим хүчний салбарын бүх алдагдал өргөн хэрэглээний барааны үнийг өсөлт болон хувирч байгааг ойлгох хэрэгтэй байна. 
Үүний тулд цахилгааны үнэ, тарифын талаар
 
- Үнийн Олонлог бий болгох
- “хоёр хэсэгт үнэ бүрдэлт” зарчим нэвтрүүлэх
-“ шинэ станц шинэ үнэ” зарчим бий болгох
-“Хөрөнгө оруулалтын төлбөр + цахилгааны төлбөрзэрэг зарчим гаргаж мөрдмөөр байна. 
 
Эрчим хүчний салбарыг зах зээлийн зарчимд оруулахад Хөрөнгө оруулагчид салбарын зохицуулах байгууллагуудын бие даасан байдлыг ихэд анхаардаг болохыг анхааралдаа авах хэрэгтэй.  
 
14. Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкны ДЭМЖЛЭГ
 
Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкны дэмжлэг Эрчим хүчний салбарт хэрэгтэй. Тэдний арга зүй болон бодлогын дэмжлэг хамгийн гол нь аливаа том төслүүдэд учирч байдаг тухайн орны эрсдлийг хөрөнгө оруулагчдад зохистой ойлгуулахад дээрх байгуулагууд чухал үүрэг рольтой гэж бодож байна. 
 
Эрчим хүчний салбарт гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татах талаар тал бүрийн арга хэмжээ авахыг Монголын эрх ашиг шаардаж байна. 
 
М.Энхсайхан
 

ТӨСЛИЙН ОРОЛЦОГЧИД

ТӨСЛИЙН ОЛОН УЛСЫН ЗӨВЛӨХҮҮД

УРЬДЧИЛАН ШАЛГАРСАН ГАДААД, ДОТООДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД

ШАЛГАРСАН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ

FORGOT YOUR DETAILS?

`
ДЭЭШ